Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их Нууруудын Хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур +16.2...20.2 градус, Өндөр уулын сумдын нутгаар +11.6...+16.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө +30,0...+35,0 градус, өндөр уулын сумдаар +23,0...+30,0 градус дулаан, агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар -1,0 градус хүйтнээс +4,0 градус дулаан, өндөр уулын бүсийн сумдаар -1,0...-7,0 градус хүйтэн байлаа. Ихэнх нутгаар агаарт +30 градусыг давж дулаарсан 1-8 өдөр ажиглагдсан ба Өндөр уулын бүсийн сумууд болох Дуут, Мөнххайрхан, Мөст, Ховд сумдын нутгаар +30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй. Агаартаа хамгийн дулаан нь Зэрэг суманд +35,0 градус хүрсэн бол шөнөдөө Дуут суманд -7,0 градус хүрч хамгийн хүйтэн хоножээ. Энэ сард агаарын дундаж температур Олон Жилийн Дунджаас “дулаан” байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур +18,0...+29,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар +49,0...+60,0 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -12,0 градус хүйтнээс 0,0 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын температур хамгийн хүйтэн нь Дуут суманд -12,0 градус хүрч ажиглагдсан бол хамгийн дулаан нь Зэрэг, Булган сумдад +60 градус хүрч хэт халжээ. Хөрсөн дээр +40 градусаас давж халсан өдөр нийт нутгаар 17-30 өдөр ажиглагдсан. Хамгийн олон Алтай суманд 30 өдөр, хамгийн цөөн нь Дуут суманд 17 өдөр, бусад сумдын нутгаар 22-29 өдөр ажиглагджээ.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар 89,7 мм бороо орлоо. Энэ нь олон жилийн дунджаас “бага” байлаа. Орсон тунадасыг сумдаар авч үзвэл: Мөст суманд 16.0 мм, Мөнххайрхан 10.2 мм, Дуут суманд 9.8 мм, Чандмань суманд 9.1 мм, Дарви суманд 7.9 мм, Жаргалант суманд 5.8 мм, Булган суманд 5.7 мм, Алтай суманд 5.1 мм, Ховд суманд 4.9 мм, Үенч суманд 4.6 мм, Дөргөн суманд 3.0 мм, Мянгад суманд 2.8 мм, Цэцэг суманд 2.4 мм, Эрдэнэбүрэн суманд 1.8 мм, Зэрэг, Манхан суманд 0.0 ба 0.6 мм тус тус тунадас орсон.
Салхи(Wind): Өнгөрөгч 5 сард нийт нутгаар ихэнх хугацаанд хүчтэй шороон болон зөөлөн явган шороон шуурга шуурлаа. Салхины их хурд Ховд суманд 25 м/с, Мөнххайрхан суманд 24 м/с, Мөстөд 22м/с, Чандмань, Зэрэг сумдад 21 м/с, Жаргалант, Манхан сумдад 20 м/с, Үенч, Алтай сумдад 10-12 м/с, бусад сумдын нутгаар салхины их хурд 17-19 м/с хүчтэй, шороон шуурга шуурлаа.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн хялгана,ерхөг цухуйлтын үе шат жигдэрсэн, монгол сонгино залаалалтын үе шаттай байна. Ургамлын дундаж өндөр 2-6 см, ургамлын ургалтын байдал Чандмань, Дуут сумдын нутгаар “муу” үнэлгээтэй бусад сумдын нутгаар “дунд”, Булган, Үенч сумдын нутгаар “сайн” үнэлгээтэй, Чандмань, Дарви, Дуут сумдаас бусад сумдад ургац 0.0...0.3 ц/га байна. Ихэнх нутгаар халуун хуурай салхитай хөрсний чийг багаас ургамал үзүүрээсээ шарлаж гэмтэл ажиглагдан ургамлын ургалт удаашралтай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал ногоолуулах, хөөвөр хялгас авах, сааль сүү бэлтгэх, мал хөнгөлөх, тарилга туулга хийх, бод мал төллөх ажил үргэлжилж байгаа. Тус ажил явуулахад цаг агаарын байдал салхи шуурга ихтэй байлаа. Бод бог мал гол горхи булаг шанднаас ундаалж, малын усан хангамж “сайн” байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард нийт нутгийг хамарч 89.7 мм хур тунадас орлоо.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 17-30 өдөр ажиглагдсан. Хамгийн олон Алтай суманд 30 өдөр, хамгийн цөөн нь Дуут суманд 17 өдөр, бусад сумдын нутгаар 22-29 өдөр ажиглагджээ.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 10-25 м/с хүрч шуурсан.
- Бэлчээрийн ургамал ихэнх сумдын нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн, зарим сумдад сайрын хялгана,монгол сонгино залаалалтын үе шатанд байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч
Ж. Жаргалзаяа Ц.Нямбаяр
2024 оны 6 дугаар сарын 3-нд